Нэлээдгүй үнэтэй авсан хувцсаа зөв арчлах, хадгалах нь их чухал байдаг. Ялангуяа ноолууран эдлэл эдэлгээ, чанар сайтай ч амархан сунах, агших зэргээр арчилгаа их шаардана. Тиймээс ноолууран хувцсаа хадгалах, арчлах талаар багахан зөвлөгөөг хүргэе.
Угаах
Энэ төрлийн хувцсыг угаалгын машинд угаахаас зайлсхийх хэрэгтэй. Хэдийгээр сүүлийн үеийн автомат угаалгын машин ноос ноолуур угаах тохиргоотой ч хамгийн зөв шийдэл нь гараар угаах юм. Мөн ноолууран хувцсанд усны температур маш чухал байдаг. Тодруулбал, +30 градус буюу гараар хүрэхэд бүлээн төдий усанд ноолууран эдлэлийг угаах нь зүйтэй. Ингээд дэвтээх маягаар угаах ба үрж, мушгиж болохгүй.
Хатаах
Гараар мушгиж ус, чийгийг авах нь маш буруу. Энэ нь утас, сүлжээс, нэхээст нөлөөлж хэлбэр хэмжээ нь алдагддаг байна. Харин оронд нь хатаагч, сэгсрэгчийг хамгийн бага хурдаар, богино хугацаанд ажиллуулах нь зүйтэй. Ингээд хатаахдаа өлгүүрт өлгөж огт болохгүй ба хавтгай талбайд дэлгэж хатаагаарай.
Индүүдэх
Ноолууран эдлэлийг уураар индүүдсэнээр яг л шинэ мэт хөвсгөр зөөлөн бас дулаан санагдах болно. Харин илүү нарийн ширхэгтэй торгон ноолууран алчуур, ороолт, даашинз зэргийг хоёр талд нь угаалгын алчуур жийрэглэж индүүдэх хэрэгтэй.
Цэвэрлэх
Бүрэн хатсаных нь дараа хялгас үс, бөөсрөлт зэргийг цэвэрлэх нь зүйтэй. Бөөсрөлтийг гараар түүж жижиг нарийн ширхэгтэй үс хялгасыг цэвэрлэгч наалт эсвэл цавуулаг багатай скочоор цэвэрлэж болно.
Хадгалах
Ноолууран хувцсаа удаан эдлэхийг хүсвэл зөв хадгалалт маш чухал. Ялангуяа өлгүүрт өлгөж хадгалахгүй байх хэрэгтэй. Учир нь өлгүүрт өлгөснөөр сунах, унжих зэргээр хэлбэр нь алдагдах аюултай байдаг. Мөн онгорхой шүүгээ, чийгтэй орчинд удаан хадгалах нь тохиромжгүй. Хэрэв зуны улиралд ноолуур өмсөхөөс татгалзаж өвөл хүртэл хадгалахаар шийдсэн бол хамгаалалтын пластик уутанд хийгээрэй.