Бүсгүйчүүд бидний өмсөх дуртай хувцсанд ноолууран эдлэл зайлшгүй багтана. Дан хүйтэн сэрүүний улиралд гэлтгүй томоохон үйлдвэрлэгч компаниуд зунд зориулсан шинэ коллекциудаа гаргаж байгаа энэ цаг үед ноолууран хувцсаа хэрхэн зөв арчлах тухай зөвлөгөөг хүргэе.
Гараар угаах зааварчилгаа
Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг 3-4 удаа өмссөний дараа цэвэрлэх бөгөөд хуурай аргаар цэвэрлэх эсвэл гараар угааж болно. Гараар угаах бол зориулалтын бодис эсвэл шампуниар угаавал хэлбэрээ алдар, бөөгнөрч муудах аюулгүй байдаг. 30 хэмийн бүлээн усанд зөөлөн базаж угаагаарай. Үрж болон мушгиж болохгүй, угаасны дараа угаалгын машинд сэгсэрч болно. Угаалгын нунтаг ноолууран хувцсыг түлж, агшиж сунах аюулд хүргэдэг тул хэрэглэхгүй байвал зохино. Эцэст нь ноолууран хувцсаа хөндлөнгөөр нь дэлгэн тавьж хатааж байгаарай.
Толбо арилгах
Хэрэв та ноолууран бүтээгдэхүүнээ толбо болгосон бол даруйхан хүйтэн усаар зайлах хэрэгтэй. Толбо арилгагчаар цэвэрлэж болох ч мэргэжлийн хуурай хими цэвэрлэгээнд өгөхийг зөвлөж байна.
Хадгалах
Та ноолууран хувцас хэрэглэлээ хадгалахаасаа өмнө үргэлж цэвэрлэж байх хэрэгтэй. Учир нь цагаан эрвээхэй гэх мэт шавьж байгалийн ширхэгт рүү татагддаг байна. Хадгалахдаа цаасаар ороож тавьбал бага үрчийх бөгөөд гялгар уутанд хийх хэрэггүй. Мөн өлгүүрт өлгөж унжуулан хадгалж болохгүй.
Хэрэглээ
Ноолууран хувцас руу сүрчиг цацаж болохгүй. Сүрчиг нь хувцсыг толботуулж цагаан эрвээхэйг өөртөө татдаг. Үнэр дарагч хатсаны дараа ноолууран хувцсаа өмсвөл үнэр дарагч хувцсанд тогтохгүй. Мөн хурц үзүүртэй гоёл чимэглэлийн зүйлд хүргэх хэрэггүй. Ноолууран эдлэлийг бөөсрүүлж, гэмтээх аюултай.
Худалдан авахдаа анхаарах зүйлс
Ноолууран эдлэл авахдаа хамгийн сайн чанартайг хэрхэн сонгох тухай шалгарсан нэг зөвлөгөө бий. Энэ бол зах зээлд удаан оршин тогтносон баталгаат үйлдвэрлэгчээс худалдан авах юм.
Эсвэл гарынхаа алгаар бүтээгдэхүүний гадаргыг үрэхэд жижиг ширхэгүүд бөөгнөрч байгаа эсэхийг хараарай. Хэрэв бөөгнөрөн, бөөсөрч байвал чанар муутай байна гэсэн үг. Өөр нэгэн ноолуурын чанарыг шалгах арга бол бүтээгдэхүүнийг сунгахад буцан анхны хэлбэртээ орж буй эсэхийг харах юм. Хэрэв буцан анхны хэлбэртээ эргэн орохгүй сунасан хэвээр байвал муу чанарын ноолуур байна гэсэн үг.